4/26/2011

Програмистуудын шилдэг хариулт

Саяхан Яахоо мессенжерээр танил маань явуулсан юм.

The Top 20 replies by programmers when their programs do not work:
(Програм нь ажиллаагүй үед програмистуудын өгсөн шилдэг 20 хариултууд:)

20. "That's weird..." (ямар сонин юм бэ)
19. "It's never done that before." (өмнө нь ингэж байгаагүй дээ)
18. "It worked yesterday." (өчигдөрхөн ажиллаж байсан)
17. "How is that possible?" (боломжгүй баймаар юмдаа??)
16. "It must be a hardware problem." (энэ төхөөрөмжний л асуудал)
15. "What did you type in wrong to get it to crash?" (чи ямар буруу зүйл бичээд энийг эвдэлчихвээ?)
14. "There is something funky in your data." (чиний өгөгдөлд л хачин юм байна даа)
13. "I haven't touched that module in weeks!" (би энэ модульд долоо хоног гар хүрээгүй!)
12. "You must have the wrong version." (чамд буруу хувилбар нь байна)
11. "It's just some unlucky coincidence." (энэ зүгээр л нэг азгүй тохиолдол байна)
10. "I can't test everything!" (би бүгдийг тестелж чадахгүй!)
9. "THIS can't be the source of THAT." (энэ чинь тэрнийх байж таарахгүй ээ)
8. "It works, but it hasn't been tested." (ажиллаж байна, гэхдээ шалгаагүй юм байна)
7. "Somebody must have changed my code." (хэн нэг нь миний кодыг өөрчилчиж)
6. "Did you check for a virus on your system?" (чи вирусээ шалгаж үзсэн үү?)
5. "Even though it doesn't work, how does it feel? (хэдий энэ ажиллахгүй байсан ч ямар байна?)
4. "You can't use that version on your system." (наад хувилбараа өөрийн систем дээр ажиллуулж болохгүй.)
3. "Why do you want to do it that way?" (чи яагаад заавал яг тэгж хийх гээд байгаа юм?)
2. "Where were you when the program blew up?" (програм дэлбэрч байхад чи хаана юугаа хийж байсан юм бэ?)

And the Number One reply by programmers when their programs don't work:
1. "It works on my machine." (энэ над дээр ажиллаж байна.)

Үнэн, үнэн

4/13/2011

Гоё аяга, гоё амьдрал

Их сургуулийн нэг ангийг төгссөн залуус цуглаад өвгөн профессортойгоо ирж уулзжээ. Бүгдийнх нь ажил амжилттай, амьдрал давгүй гэдгийг сонсоод багш нь баяртай байлаа. Халуун яриа өрнөсөөр сүүлдээ зав багатай ажлын ачаалал, гэр орны тухай сэдэвт шилжив. Ажил, амьдралын аль алийг амжуулах гээд чамгүй стресст ордог тухайгаа бүгд гомдоллов. Өвгөн багш гал тогооны өрөө рүүгээ ороод том гүцтэй кофе, баахан аягатай авчирлаа. Шилэн, шаазан, хуванцар, хээтэй, хээгүй, хээнцэр, дэгжин, хэтэрхий энгийн гээд бүгд өөр хоорондоо адилгүй аяганууд. “Аяга аваад кофе хийгээд ууцгаа” хэмээн тэр хэллээ.

Бүгд гартаа нэг нэг аяга кофе барьсны дараа багш ийн хэлэв. “Хэрэв та нар анзаарсан бол аль л өнгө зүстэй, гоё гэсэн аягануудыг та нар сонгож авсан байгаа. Хоосон үлдсэн нь хамгийн энгийн, байдаг л нэг аяганууд. Хамгийн гоё, хамгийн сайхан руу тэмүүлдэг нь хүний мөн чанар. Энэ чанар тэгээд та нарын гомдоллоод байгаа тэр зовлон,стрессийн чинь эх үүсвэр” гэлээ.

Тэрбээр цааш үргэлжлүүлэв. “Үнэндээ аяганы хэлбэр кофенд ямар ч амт нэмэхгүй. Илүү үнэтэй юм шиг санагдуулж, заримдаа яг юу ууж байгааг минь нууцалж орхидог. Бидний хүссэн зүйл маань кофе болохоос аяга биш. Гэсэн хэдий ч та нар өөрсдийн мэдэлгүй аяганд илүү ач холбогдол өгсөн байна. Тэгээд өөр өөрийнхөө аягыг дүүргэчихээд бие биенийхийгээ сэмээрхэн сонжиж эхэлсэн. Энэ кофег амьдралтай зүйрлэж болно. Ажил, мөнгө, албан тушаал бол аяга. Эдгээр зүйлс амьдралыг нүдэнд харагдах, гарт баригдах болгож мэдрүүлэх хэрэгсэл төдий. Гэхдээ аяганы хэлбэр дүрс, чанар чансаа амьдралын мөн чанар, үнэн утгыг хэзээ ч өөрчлөхгүй. Харамсалтай нь бид заримдаа зөвхөн аяганд анхаарлаа хандуулаад кофены амтнаас таашаал авч чаддаггүй. Хамгийн аз жаргалтай хүмүүст хамгийн гоё, сайхан зүйлс гэж байдаггүй. Харин эргэн тойронд байгаа энгийн жирийн зүйлсийг хамгийн гоё болгон хувиргаж тэд чаддаг. Энгийн, жирийн амьдар. Өгөөмөр, нинжин сэтгэлтэй бай. Өрөөл бусдад халамж, анхаарал тавьж сур”

Өвгөн багш яриагаа дуусгахад өөрсдийнх нь өмнө шинэ амьдрал нээгдсэн мэт залууст санагдлаа.

ЭХ СУРВАЛЖ: NEWTEL EVSEG

3/01/2011

"Ачигчаас-Дарга болсон нь" - (дурсамж)

1988 оны намрын нэг өдөр би ажлаасаа халагдлаа. Олон нялх хүүхэдтэй учир цэргийн байгууллагын цалин хаана ч хүрэхгүй учраас халагдая гэтэл Дивизийн захирагч өөдөөс халахгүй харин дэвшүүлж ажиллуулах юм яриад явчихав. Гэвч Дивизийн захирагч амралтаа авсан хойгуур худал, үнэн эмнэлгийн бичиг гаргуулж байгаад -р ангийн тагнуулын салааны захирагчийн ажлаа өглөө. Ажил хайж эхэллээ. МXЗЭ-ийн Хорооны дарга, зааварлагч, боловсон хүчний байцаагч, биеийн тамирын багшийн ажилууд олдож байлаа гэвч цалин нь адилхан учраас хийсэнгүй.Нэг л их мөнгөтэй ажлыг 2 алгаа хорстол хиймээр санагдаад байлаа. Нэг өдөр автобусан дотор явж байтал 2 хүн хоорондоо ярьж байнаа. Найз нь Материал Импекс Хангамжийн Нэгдэлд ачигч хийж байгаа 14 хоногт бараг 1000 хүргэж авдаг гээд ярьж байна.

Нөгөөх нь тэр газар чинь хаана байдаг юм бэ? гэхэд яагаав 10-р хорооллын урд талын томоо хашаанд байдаг гэж байна. Би дараагийн буудал дээр бууж эргэж автобусанд сууж 10-р хорооллыг зорилоо.

Цэргийн дүрэмт хувцас өмссөөр байгаад энгийн хувцасгүй шахам болсон бөгөөд ганц цайныхаа костюм пиджакыг индүүдэж, индүүдэж өмсөөд явж байгаа минь энэ. МИХН-ийн Боловсон Хүчин гэсэн өрөөний хаалгыг тогшлоо. Пэрэнлэй -Самбуу гээд буурал толгойтой ах сууж байна. Би ачигчийн ажилд орох гэсэн юм гэхэд хөлөөс толгой хүртэл харсанаа, чи чадахгүй ээ хүү минь, харин Боловсон хүчний Туслах 650-н төгрөгний цалинтай ажил байна гэлээ. 720-н төгрөгний ажил голоод явж байгаа хүн чинь юу гэж хийхэв дээ. Үгүй, ачигч л хийе гэвэл, хүү минь тэд нар чинь голдуу "Ааваас" ял эдэлж гарч ирсэн хүмүүс чи тэдний энд хүрэхгүй зүгээр л миний үгэнд ор гэхэд би зөрсөөр байсан учир савтай цементийн бригадын дарга Нямдорж гэдэг хүнд бичиг хийж өгөөд маргааш өглөө ажилдаа ирээрэй гэв. Маргааш нь ажилын хувцас байхгүй учир цэргийн ногоон хувцасныхаа пагон(мөрдөсийг) хуулж аваад, хромон гутлаа өмсөөд явлаа. Ингээд эхний өдөр вагонд орлоо. Нэг вагон цемент 66 тонн, 3-хүн орохоор 22 тонныг тус бүр зөөх нормтой гэнэ. 1 уут цемент 50кг жинтэй юм. Шоронд амь нэг хүмүүсийг "нэг гал" гаж ярьдаг бол энд 3 хүнтэй ажилын хэсгийг "нэг гар" гэж ярих ажээ.
Манай гард Өндөр Болдоо, Дарваан Батжаргал гэдэг 2 залуу байлаа. Энэ өдөр цементээ вагоноос складанд буулгалаа. 5-н тонныг зөөсний дараа нилээд их ядарч хамаг хувцас нэвт норж цементтэй хутгалдаж аманд сул цемент зажлагдана. Духнаас дусах хөлс саарал цемент уруу пур хийн орж алга болно. Үдээс хойш 3-н цаг гээд нөгөө 2 маань нормоо дуусгаад яваад өгөв. Минийх талдаа л дөнгөж орж байлаа. Жаахан амраад суулаа. Байнга гялалзтал тосолж цэвэрхэн өмсдөг офицер хромон гутал маань цементэд хутгалдан өнгө зүсээ алдаж зарим газраа халцарчээ.

Цагтаа цэргийн жагсаалын өмнө тас няс хийтэл алхдаг байсан гутал минь гэж харамсан харж байв.
Ер нь энэ ажлыг болъё гэж олон зуун удаа бодсон боловч нэгд-Нөгөөх их цалин бодогдоод хоёрт-хэдэн хүүхэд маань бодогдоод гүрийхээр шийдлээ. Оройны 9-н цаг гэхэд сүүлчийн хэдэн уут цементийг үүрэх биш өнхрүүлэн зөөж дуусгалаа. Хамаг бие хөндүүр, гар салганана. Нөгөөх айхтар хийгээд байдаг зодооны бэлтгэл сургууль энэ ажилын дэргэд зүгээр л юу ч биш болоод явчихлаа. Маргааш өглөө нь морь унаж холгуулсан хүн шиг майжигнасаар ажилдаа очлоо. Энэ ажилыг хийгээд хэрэггүй гэж хань маань хориглоод намайг дийлээгүй юм. Ингээд эхний 1 сар бол "хүнд" гэхэд ч багадахаар 1 сарыг давж билээ. Заримдаа хоёулаа вагонд орвол 33 тонныг зөөнө. Зарим архагууд ганцаараа вагонд орж 66 тонныг зөөдөг ба Шувуу Төмөрөө, Хар Танк гэх мэт луухгарууд байдаг л гэнэ. Эндэхийн ажилын ердийн өдөр пургисан их цементээр эхэлнэ. Цементэнд гутал хувцас тэсэх биш нүүр амгүй цемент болсон хүмүүс ирсэн машинуудыг уралдан ачицгаан хашгиралдана. Аль олон машин дуудаж ачиж чадсан Гар эрт ажил тарна гэсэн үг.

Эхний 14 хоногийн цалин 450- н төгрөг авав. Бусад хүмүүсийн цалингийн зэсийг хархад 800, 900, 1100 төгрөг байхыг хараад атаархах ч шиг. Хөхөө гэрлэх дөхлөө кинон дээр цалингаа авах гээд чемодан авч ирдэг шиг юм болоогүйд инээд хүрч явав. Эд нараас дутахгүй яаж ажилдаг болов вэ? гэдэг бодол тархинд байнга эргэлдэнэ. Ямарваа ажилд арга текник гэж байдаг учираас тэдний яаж ажиллаж байгааг сайн ажиглав. Ууттай цементний эсрэг 2 үзүүрээс барьж татаад өвдөгнөөсөө дээш гаргангуут эргэхдээ мушгин ташаан дээрээ тавьж байгааг ажиглалаа.. Нэг өдөр хүмүүс ажил тарсаны дараа цемент өргөх, үүрэх арга барилтай болох гэж нилээд оролдлоо. Энэ мэтчилэн олон хоног оролдож овоо сурч авлаа. Ажилдаа болоод нилээд ч турлаа. 10-аар давхарласан цементнүүдийн дээдэх 2-ийг (100кг) ташаалдаж үүрч бусдыг нь нэгээр зөөнө. Савтай цементийг хагалахгүй шидэж хурааж сурлаа. Хийтэй шидвэл л хагардаг золиг юм.
Энэ их пургисан цементэн дотор амны маск зүүх ёстой байтал манай ачигч нар ер хэрэглэдэггүй байв. Би амьсгаа давхацсан ч гүрийсээр яс хийж сурлаа. Хожим ачигч нараас нилээн хэд нь уушигны хатуурлаар нас барсандаа хөөрхий.


6-н сарын дараа ачигч нарын ярьдагаар-би яланд гангарлаа (ажилд сайжирлаа). Нэг удаа бээлийгүй ажиллaсан чинь хурууны бүгд өндөг цоорч цус шүүрэн дотор нь цемент орж хорсгож байлаа. Цемент зөөсөөр байгаад (хэрэв нимгэн хувцастай бол /хажуу хавирганы хэсэг улаан нялга болж, цус, хөлс, цемент гурав наалдаж, холилдож гол таслахаа шахна. Орой гэртээ очиж нөгөөх шархаа хонины сүүл шарж байгаад түлж боргошуулна. Даанч маргааш нь ахиад л хөлс, цементэнд задарчихна. Анх удаа ганцаараа амралтын өдөр 1 вагон 66 тонныг буулгалаа. Өглөө 5-н цагт ороод орой 6-д дууслаа. Болох юм байна гэдэг сэтгэгдэл төрж эхэллээ. Дээд боловсролтой ачигч гэж бараг байдаггүй байлаа. Нөгөө хэдийн маань ярьдаг сэдэв хулгай, дээрэм, шоронгийн атамануудын тухай л ярина. Намайг ажилд сайжирч байгааг бүгд л ажиглаж байлаа. Нэг өглөө Хөтөлийн ганц вагонтай байлаа. 30-аад ачигчид ярьж байгаад тэр вагонд Шувуу Төмөрөө бид хоёрыг уралдуулах юм болов. Бооцоонд нь 1 авдар архи тавихаар боллоо. Буцах ямар ч арга байхгүй орлоо. Шувуу бид 2 зөөсөөр нөгөө хэд пиво уун сууцгаасаар. Мань хүнийг яагаад шувуу Төмрөө гэсэн бэ? гэхээр цемент үүрээд нисч байгаа юм шиг хурдан явдаг болохоор тийм хоч өгсөн хэрэг. Би дотроо айж л байлаа. Үдээс хойш 4-н цаг болход вагонд хэдхэн уут цемент үлдлээ. Намайг хамгийн сүүлчийн цементээ үүрээд гархад Шувуу Төмөрөө сүүлчийнхээ 2 цементийг авахаар зөрж оров. Би цементээ чү гэж шидчихээд гараа өргөлөө. Шувуу Төмрөө ялагдсандаа итгэхгүй байгаа бололтой хамар нь сарталзана. Би нэг шилийг аавдаа өгөхөөр авч бусдыг нь тэдэнд өглөө. Шувууг дийлсэндээ би их баяр хөөртэй . Адраа ахынхаа ганц мэддэг дууг амандаа аялчихсан шиг алхаж явлаа. Ингээд ажилд сайн болж эхэлсэн маань зарим нэгэнд нь таалагдаагүйгээр барахгүй намайг нухчин дарах аргад шилжсэнийг би мэдсэнгүй. Нэг өдөр ажлаа дуусчихаад усанд ороод гараад иртэл нэг хүний мөнгө алга болсон хэрэг дэгдээд явчихлаа. Тэр нь явж явж атаман Тайвны мөнгө гэнэ. Сорви болсон царайтай булиа залуу ААВААС гарч ирээд удаагүй болохоор нөгөө хэд маань харцаар нь байдаг байв.
Гэтэл Чука, Баяка гэдэг 2 нөхөр бүгдийг нь нэгж л дээ гэж байна. Тэр 2-ийг халаасны хулгайчид байсныг би сонссон юм. Гэтэл Баяка нь шинэ хүнээс эхэлж нэгжие гээд миний хувцасны шкафыг онгойлгоод боодолтой мөнгө гаргаад ирэх нь тэр. Бүгд над уруу тэр дундаа Атаман аймшигтай харж байна. Бүгд усанд орж гарч ирээд дотуур өмдтэйгээ зогсоцгоож байлаа.

Тайван над уруу ойртож ирлээ, хэрэв намайг бариад авбал би яагаад ч дийлэхгүй, би аваагүй гэхэд одоо хэн ч итгэхгүй. Нөгөөх 2 залуу намайг яаж зодуулахыг харах гэж их ойрхон зогсчээ. Энэ 2-ын хатгуур оржээ гэдгийг би сая л ойлгов. Энд Сохорын газар сохроор гэдэг бичигдээгүй хууль үйлчилдэг билээ. Одоо маргаад ашиггүй өрсөх хэрэгтэй учир, хаалга түгждэг трубаг шувт татаж аваад Тайванг 2 цохиод унагачихлаа. Тэр жаал хэвтэж байснаа эр хүн шиг за би дийлдлээ. одоо болъё гэж дуугарч байна. Атаманууд ийм л зангарагатай байдаг ажээ. Тэгэнгүүт би даварч намайг хатгасан хоёрыг хэд сайн дэлсээд авлаа. Маргааш ажилдаа иртэл нөгөө 2 чинь яг л нохой шиг миний 2 талд дагаж байлаа. Бусад ачигч нар надаас нэг л жийрхсэн янзтай харцгаана. Энэ өдөр Тайван ирсэн ч үгүй, намайг жаахан ширүүхэн дуугирхад бүгд дуугарахгүй байна. Аа эд чинь айж байна гэж бодонгуут арай эвгүй 2-н нөхрийг дуудаж шахмал ууртай дуугаар шинэ ачигч нарт туслаарай, дээрэлхвэл хохь чинь шүү! гэхэд бүгд толгой дохиж байна. Удалгүй бүгд миний үгэнд яг ордог болж сүүлд Тайван миний Жит-Кун-Догийн шавь болж билээ. Урт үстэй, Бакалын түрүү эргүүлсэн,эвгүй харцтай, айхтар ачигч боллоо би . Нөгөө хэд шигээ ярьдаг боллоо. Хөөе хамаа, новшоо (бусад үгийг нь орхилоо) гэх мэт үг хэрэглэдэг болов
Уншигч та дандаа зодоон цохион ярих юм гэж бүү бодоорой. Тэнд л зодуулсан бол ахиж дээш гархад хэцүү байсан юм. Сохорын газар сохроор, доголонгийн газар доголонгоор гэдэгээр байхаас өөр арга надад байгаагүй юм.
Эрчүүдийн яриа гэдэг заримдаа ийм л байдаг хойно доо. Олон сарын дараа өөрийгөө анзаартал хэл яриа , биеэ авч явж байгаа байдал нэг л бишээ. Заримдаа өөрийнхөө ажлыг нөгөө хэддээ ацаглаж хийлгээд мушгидаг болов.\ Хөзөр мурийтай тоголох\, хамгийн гол нь би архи , тамхи ердөө хэрэглэдэггүй байсан юм . За энэ ер нь дэндлээ гэж бодоод ажилаа өөрөө хийдэг болов. Нэг хүн хэсэг хүнд нөлөөлж болох юм байна лээ. Нөгөө хэдийгээ ажил дээр архи дарс ууж , мөрийтэй тоглодгийг болиулж, цалингаасаа тодорхой хуримтлал гаргаж ядуу амьдралтай нэгэндээ тусалдаг болов. Миний эрхэмлэдэг зүйл,- цэвэрч нямбай байх, үзэн яддаг зүйл маань- эмэгтэй хүнтэй бүдүүлэг харьцах. Тиймээс нөгөө хэдийг байгууллагын эмэгтэйчүүдтэй соёлтой харьцахыг байнга шаарддаг болов.

Ингээд би ажлынхаа тооцоог гаргаж үзвэл: өдөрт дунджаар 22 тонн цемент зөөдөг гэж бодвол 6 хоногт 132 тонн, сард 528 тонн, 1 жилд (амралтаа хасаад) 5808 тонн (багаар бодход) цемент үүрдэг тооцоо гарлаа. Нэг удаа Намын Үүрийн дарга Хятадын тухай сонирхолтой сонсгол лекц хийх хүн олддоггүй чи чадахуу гэж байна чаднаа гэлээ. Хагас сайн өдрийн өглөө болгон байгууллагууд сонин уншлага гэж хийдэг байв даа.
Би бэлтгэж эхэллээ. Хятадын цэрэг арми, тэр үеийн ард түмнийх нь ахуй амьдрал, Хятдад гарч буй шинэчлэлт зэргийг орос сэтгүүлүүд, Батлан Хамгаалах яамнаас,энд тэндээс олон сонирхолтой мэдээ цуглууллаа. Мөн Мао-Зэ-Дун, Дэн-Сяо-Пин нарын улс төрийн гол уриа хэдэн өгүүлбэрийг хүнээр заалгаж хятадаар цээжлэв. Сонсголын өглөө боллоо. Индэр дээр МИХН-ийн захирал, орлогч захирлууд, Намын дарга нар эгнэн суужээ. Хятадын талаар бүх мэдээлэл хаалттай байсан учираас хүмүүс их цугларсан байлаа. Ачигч нар хойгуур сууцгаана, угаасаа бид нарын байр тэр. Би ганц цайныхаа костюмаа өмсч гадуур нь цементэнд сааралтсан курткээ нөмрөөд суулаа. Ийм лекцийг удирдах байгууллагаас дарга нар ирж хийдэг учир хүмүүс илтгэгчийг хайж ийш тийш харцгаана. Намын дарга Сугар босч Хятадын өнөөгийн байдал, цэрэг армийн тухай сонсголыг Савтай цементийн бригадын ачигч П.Батзориг хийнэ гэхэд бүх хүмүүс ярсхийтэл эргэж харлаа. Намайг курткээ тайлаад индэр уруу алхахад гайхсан бас итгэхгүй энэ ч юув дээ? гэсэн олон нүд намайг харж байлаа. Индэрийн Микрафоныг ойртуулсанаа би яриагаа эхэллээ. Эхлээд жаал шуугилдаж байснаа удалгүй бүгд нам гүм болцгоож анхааралтай сонсоцгоож эхэллээ. Миний үг, өгүүлбэр хамгийн арын суудалын хүмүүст хүрч, мэдэрч, тэмтэрч байх шиг санагдав. Ачигч нар маань бүгд нүд нь бүлтийн харцгаана.Би нөгөөх цээжилсэн хэдэн хятад өгүүлбэрээ хэлж бас тайлбарлав. 30-минутын сонсгол 45-н минут болж сунжирлаа. Үүнээс хойш Дарга, ажилчидгүй надтай толгой дохидог боллоо. Миний тухай яриаг дам сонсвол: Энэ нөхөр чинь Хятадад тагнуул байсан гэнэ, Хятадад сургууль төгссөн гэнэ, хятад хэлэнд ус цас гэдэг цуу тарсан байлаа. Миний инээд хүрч л байв.

Үүнээс хойш нийт ажилчдийн хурал дээр босч ачигч нарын төлөө үг хэлдэг, шаардлага тавьдаг боллоо. 2 жил шахам ажиллахдаа 14 хоногт 800-1000 төгрөгний цалин авдаг болсон юм. Удалгүй МИХН-ын орон тооны Үйлдвэрчний Эвлэлийн Хороон Даргад өрсөлдөх хүмүүсийн дунд миний нэрийг оруулсан байсан бөгөөд инженер мастер 4-н хүн өрсөлдөж би орон тооны анхны МҮЭ ийн хорооны дарга боллоо. Маргааш нь Үнэн сонинд гарсан байв. Ингээд ҮЭХ-ний дарга болж конторт (офист) суулаа. Тэргүүлэгч гишүүдээрээ хэдэн зөнгөр хөгшүүд авч тэдэнд түшиглэн ажиллаж эхлэв. Ажилчидын орон сууцны хувиарт гарсан Но-г илрүүлж байр олгох шинэ журмыг захиргаагаар гаргуулж, ажилчидын хөдөлмөр, нийгмийн хамгаалтад төсөвт нэмүү мөнгө тусгуулж, хувцас солих амралтын байр бариулж, хөдөлмөр хамгаалалын хэрэгсэлийг шинэчилж, эмчийн үзлэгт оруулдаг болгож, жирэмсэн болон олон хүүхэдтэй эхчүүдэд олгох тусламжуудийг нэмэгдүүлэв. Энэ бүх ажлынхаа гүйцэтгэлийг нөгөөх хөгшчүүдээрээ хянуулж, хэрүүл ам байнга хийлгэж байж ажил маань овоо жигдэрч билээ.

Гэвч би гэдэг тогтворгүй амьтан 1 жил ажиллаад Монголын Жит-Кун-Догийн холбоогоо байгуулж спортоо хөөж энэ ажлаа орхисон юм.
Миний хамгийн аз жаргалтай мөчүүд цалингаа буухаар дэлгүүрээс хэдэн уут чихэр, жимс аваад , үр хүүхдүүддээ өгөхөөр гэр уруугаа алхаж явах...1992 онд миний бичсэн зүйлийг найруулагч Сүхбаатар ах авч "Эвий хүү минь" гэдэг МУСК хийсэн бөгөөд Голд дүрд жүжигчин Эрдэнэцэцэг, Гансүхийн дүрд би тоголсон юм кинонд тоголох ч, над шиг амьтан загнуулсаар таарах юм билээ. Би ачигч нарынхаа амьдралаас сэдэвлэж бичсэн, өрөвдөлтэй түүх л дээ. Киноны дууг дуучин Болормаа дуулсан "Хорвоо буруутай гэж үү" гэдэг дуу юм. Кинонд тоголсон шагналын мөнгөөрөө эхнэртэйгээ явж 4-н цүнх дүүрэн гутал, хувцас хүүхдүүддээ аваад очиж байсан миний жаргалтай мөчийн нэг юм. Нөгөө хэдийнхээ гутлых нь размерыг мэдэхгүй учираас хөлүүдийг нь гар дээрээ тавьж, байгаад үзгээр зураад авчихсан нэг худалдагч эгчид үзүүлэхэд баахан инээснээ тэр хавийн лангууны гутлуудыг буулгаад ирж билээ. Би энэ кинонд тоглoж дуусаад л "Бадарчин-93" аялалдаа гарсан бөгөөд Киноныхoo нээлтэнд оролцож чадаагүй, хүмүүс их уйллаа л гэж сонсож байсан юм.

Ингэж хар бор ажил хийж явахдаа маш олон зүйлийг ойлгож билээ. . Ачигчынхаа ажилыг би одоо хүртэл хүндэлж, ачигчидаа дурсаж явдаг юм. Эндээс миний ойлгосон ганц зүйл - ямар ч цагт хүн хүнээрээ байх ёстой" гэдгийг ойлгосон юм. Хожим амьдралын эрхээр Солонгос, Араб, Орос, АНУ -д хар бор ажил хийж явахдаа цементийн ачигчийн ажил шиг хүнд ажил хэзээ ч дайралдаж байгаагүй ээ. Зарим оронд хүнд гэгддэг ажлуудыг хараад ачигчийн минь ажлын хажууд ТАЛХНЫ ҮРТЭС Л БАЙНА гэж бодоод ханцуй шамлан тухайн ажлын цаана нь гардаг байлаа. Хүнд бүхнийг давaхад тэр ажил маань гэрэлт цамхаг минь болж байсан юм.



Эх сурвалж: http://www.orloo.info/writers/p-batzorig/6400-achigch

2/24/2011

Дүүдээ бичсэн захиа

Сайн байна уу, тэнэг бяцxан дүү минь? Ах нь бичиж байна аа.

Миний өчигдрийн захиаг чи аваагүй л биз дээ. Ах нь явуулаагүй юм чинь яаж ч авах вэ дээ.

Ах нь сайн байгаа. Саяхан дэлгүүрээс баахан улавч аваад. Гадаа тас xийж байна шүү дээ дүү минь. Муу эцэг маань бидний багад, хүний хийсэн хөдөлмөрийг уландаа гишгүүзэй та нар гэж зөндөө л захидаг сан. Гэхдээ одоо гишгэхээс биш яах вэ, доороосоо даарах биенд муу. Уучлаарай улавч хийдэг хүмүүсээ.

Дүүдээ захиа бичxээр хуучны явдал санагдаж сэтгэл хөдөлдөг юмаа. Санаж байна уу, хоёулаа үсээ дээрээ хуйлж гельдчихээд, нэг нэгнийхээ мөрөн дээр гараа тавин алхдаг байсныг. Амандаа дуу аялан толгойгоо зэрэг хөдөлгөөд л... . Бохь зажлаад явбал бүр ч галзуу.

Ээж гэрээ цэвэрлэ гэж загнаад чамайг шанагаар толгой руу чинь цохиход чи үхтлээ айж зугтаадаг байж билээ. Тэгээд л хоюулаа ил байгаа юмнуудаа далд хийчxээд хогоо цуглуулж цонхоороо хаяад л дуусдаг сан. Гялгар ууттай усаар хүн онох уу.... үгүй мөн сайхан даа. Харин чи дандаа лонх шидчихье л дээ гэж гуйдаг байснаа санаж байна уу? Дүү минь чи багын л тэнэг байжээ. Тэр лонхы чинь л тушааж олсон мөнгөөрөө хоюулаа гуля дардаг байсан юм шүү дээ. Юу эсийг хийдэг байсан юм бэ дээ. Одоо ах нь ахиж төмөр хашаанд нүх гаргаж, чийдэн хагалаад, ханан дээр эрээчмээр санагддаг юмаа.

За энүүхэн явдал ч яаx вээ дүү минь. Чамд ах нь хэдэн сургааль хэльюү гэж урд шөнө бодлоо.

Манай энд аадар бороо хэдэн өдөр ороод оо. Хүн борооноос хорогдох гэж орцны саравч, автуусны буудал доор зогсож, эсвэл хаалгаар гүйн ордог билээ. Алтан-өлзийг сана л даа. Гэтэл хашааны хаалгаар арвантаа оровч бороо дээрээс орсоор байдгийг ах нь олж мэдлээ. Дүү минь, хашааны хаалга чамд борооны үед тус хүргэхгүй юм шүү.


Чи бас санаж байна уу. Эцгийн лагер луу алхах замд зөндөө нохой бид хоёр луу дайрдаг байсныг. Тас тэврэлдээд л нүдээ анин чичрэн зогсдог сон. Гэтэл ямар ч ууртай нохой тоос сорогч дугараад эхэлмэгц ухаанаа гартал айдаг болхыг ах нь энд харлаа. Ахын дүү лагер явах хол замд тоос сорогч бариад алхаарай. Ойртоод ирэнгүүт нь конооп дараад л асаачих. Ай даа, ахынхаа мэргэн зөвлөгөөгүйгээр дүү минь чи яана даа ер нь.

Бас урьд нь хоёулаа хулганад хавх тавиад хэчнээн хүлээсэн ч нэгийг ч барьж чаддаггүй сэн. Харин энд ах нь хавханд орсон хулгана зөндөө харлаа. Манай дарга тэгээд, "манай энд маш их хулгана бий" гэж ууртай хэлсэн. Тэнэг дүү минь чамд энэ үг юм бодогдуулж байна уу? Манай байранд хулгана байсан билүү дээ, ай? Үүнээс хойш хулганатай газар л хавх тавьж байгаарай миний дүү. Хүүе нээрээ, хавх тас буухдаа хөөрхий хулганын уруулыг л хавччихдаг гэж хоёулаа ярилцдаг байж билээ. Гэтэл ах нь энд хулганы уруул биш, хүзүү нь хавчуулагддийг сайн харж авсан. Хүсвэл ах нь чамд хавханд орсон хулгана нэгийг илгээмжээр явуулья.


Нээрээ дарга гэснээс манай дарга надад уржигдар, өнөө шөнө цагаа урагшлуулаарай, ажлаасаа хоцруузай гэж хэлсэн юм. Ах нь хүний үгнээс гарах биш дээ ямар, цагаа урагшлуулсаан. Гэтэл дарга намайг өчигдөр, яагаад ажлаас хоцров, цагаа урагшлуулаач! гэж загнасан. Тэгэхээр нь ах нь өчигдөр шөнө ахиад урагшлууллаа. Өчигдрийнхөө захианд ч бичсэн л дээ. Харин өнөөдөр өглөө дарга намайг бас л загнав. Өнөө шөнө ах нь цагаа бүр нэг сайн урагш нь тавья гэж бодож байгаа. Гэхдээ маргааш загнавал яахаа мэдэхгүй л байна. Хананд тулчихаад байгаа гэдгээ хэлээд үзнэ дээ.


Ах нь энд англи хэлний курсээ бараг төгсөх дөхөж байгаа. Сургуулиа бол нүдээ аниад ч олж чаддаг болсон. Харин дотор нь орж суух аймшигтай залхуутай. Багш нь над руу хараад л баахан юм шулганадаг. Ах нь "аая доонт испийк ийнглийш" гэхэд л толгой сэгсрээд яваад өгдөг юм. Энэ үгийг сонссон ямар ч ууртай хүн надаас холддог юм даа, ямар байна даа ах нь? Миний дүү энэ дөрвөн үгийг сайн цээжилж аваарай, "ай доонт испийк ийнглийш" шүү... гэж чамд би хэд дэхээ ч бичиж байна даа, мэдэхгүй, орой руу чинь л хэдэн юм оруулчих гээд үзээд байна даа муу ах чинь.


Энд нээрээ хүмүүс нь худлаа ярьдаггүй юм байна. Санаж байна уу, хажуу айлын Юндэн бидний мөнгийг дандаа л хуураад авчихдаг байсныг. Бас сүүний эгч Юмжирийн жинхэнэ сүүгий нь аваад чанахаар зутан болчихдог байж билээ. Жинхэнэ монгол төмс, буцаагаад өгнө, амлалтаа хэрэгжүүлнэ, би буруугүй, би шударга хүн, би эх орондоо хайртай .. зэрэг үгс бидний үйлийг мөн ч их үзсэн дээ. Ямар сайндаа монгол хэлний дамжаанд сууж хий дэмий мөнгө үрж байх вэ дээ. Гэхдээ тэгээгүй бол би энэ захиаг хэзээ ч ийм сайхан бичиж чадахгүй байх сан. Энэ бол аливаа юмны ашиг хэзээ хойно ч гарч болохыг харуулж байна аа. Харин чиний ашиг тусыг би одоо хэр нь хараагүй л байгаа шүү! Үүнийг анхаар!


Хайрт дүү минь, хорвоо ертөнцийн учир жанцангууд ер нь амар олддог юм биш шүү дээ. Хэрэв тэгдэг бол ухаантнууд яаж төрөх сэн билээ. Тэгээд хайрт дүү чинийхээ бяцxан тархийг сэнхрүүлэх сэн гэж муу ах нь их л бодох юм даа. Ядаж чи ах шигээ ингэж сайхан дүрэм журмаар нь бичихээ байг гэхэд уншиж чаддаг сан бол хэчнээн сайхан байх вэ. Тийм болохоор ах нь энэ захиагаа өөрөө очиж байгаад уншиж өгөхөөр хадгалая даа. Авдар дүүрэн захиатай очих нь дээ ах нь.

Алс холын Америкаас хайрт ах нь мэндчилэв.

Эх сурвалж : http://ankhaamn.blogspot.com

А.Эйнштэйнээс сурах гайхамшигт 10 хичээл

Чиехоллын хууль - Хэрэв ажил үйлс амжилттай явж байвал ойрын хугацаанд ямар нэг зүйл тохиолдоно.

Вейлэрийн хууль - Өөрөө гүйцэтгэдэггүй хүнд хийж чаддаггүй ажил гэж үгүй.

Мескмиений хууль - Ямар нэг зүйлийг гүйцэтгэхэд цаг хугацаа хүрэлцэхгүй ч засаж янзлахад хангалттай цаг олддог.

Куйнгерийн хууль - Ямарваа ажлыг гүйцэтгэх чадамж гүйцэтгэгчийн тоотой урвуу хамааралтай.

Харрисоны үүсгэл үнэн - Ямарч үйл ажиллагаанд таарсан шүүмж байдаг.

Эванс ба Бьерний хууль - Ямар нэг золгүй зүйл тохиолдоход түүнийг урьдчилан мэдсэн их мэдэгч заавал байдаг.

Уйлтерийн хууль - Хэний зөв гэдгийг хэн ч мэддэггүй, хэний буруу гэдгийг бүгд мэднэ.

Беллингсийн хууль - Ихэнх бэрхшээлийн үндэс нь бид үгүй гэхээсээ илүү за гэж хэлсэнтэй холбоотой.

Джесоны хууль - Шинэ санаа бүгдэд ойлгомжтой болоод ирэхэд түүнийг өөрчлөх цаг нь аль хэдийн болсон байдаг.

Ярукийн хууль - Хэрэв шинэ төхөөрөмж хямд бол хаа нэгтээ нь хуучин юм цохиж яваа гэсэн үг.

Джонсоны хууль - Хэрэггүй гээд хаясан сэтгүүлд таньд яг одоо хэрэгтэй мэдээлэл байсан байдаг.

Уйтений хууль - Хумсаа авч дуусмагц хумсны хэрэг зайлшгүй гарна.

Хайлтын хууль - Хайх зүйлээ боломжгүй гэсэн газраасаа эхэлж хай.

Мерианий хууль - Хайгаагүй зүйл олдохдоо амар.

Руны дүрэм - Хаана байгаа тань сонин биш бол та төөрөөгүй байна гэсэн үг..

Брайны хувилбар - Таныг өөр дараалалд шилжмэгц зогсож байсан хуучин дараалал тань хурдан урагшилж эхэлдэг.

Паркинсоны хууль - Зарлага нь орлогын хэмжээнд хүртлээ өсдөг.

Поттерийн хууль - Барааг сурталчлах хэмжээ түүний үнэ өртөгтэй урвуу хамааралтай.

Фикмений үндсэн хууль - 60 хоногийн баталгаатай байна гэдэг нь 61 дэхь хоног дээрээ таг болно гэсэн үг.

Льюсийн хууль - Бараа ганц ширхэг үлдэх үед бүгд худалдан авахыг хүснэ.

Дрюгийн хууль - Бусдаас бага төлж байгаа нь үргэлж гомдолтой байдаг.

Мидерийн хууль - Хамгийн сүүлд инээсэн хүн онигоог хөгжилтэй болгож өгдөг.

Гурдын үнэн - Хурал гэдэг минутыг хэмнэж, цагийг үрдэг.

Майлын хууль - Ямарваа зүйлд хандах хандлага албан тушаалаар илэрдэг.

Робертийн үнэн - Амьдрал гэдэг тэр аяараа алдаа..

Уотерийн зарчим - Төр засаг авилгалын тухай дандаа өнгөрсөн цаг дээр ярьдаг.

Хлейдийн хууль - Хүндэвтэр даалгаварыг залхуу ажилтандаа өг, тэр амархан хийх аргыг хурдан олно.

Мейрийн хууль - Юмыг төвөгтэй болгох амархан. Харин хялбар болгох хэцүү.

Томын хууль - Хуримын үргэлжлэх хугацаа түүний зардалтай урвуу хамааралтай.

Коловардын хууль - Бүх зүйлийн магадлал тэнцүү тавь тавин хувь, эсвэл болж бүтнэ, эсвэл болж бүтэхгүй.

Чейтсийн хууль - Найз нөхрөө ядарч явах үед та тусалсан бол тэр дахин ийм байдалд орохдоо л таныг дурсана.

Скоффын хууль - Бохир шалыг хүүхэд хэзээ ч бохирдуулахгүй.

Дженийн хууль - Цөцгий түрхсэн талх аль талаараа унах нь хивсний үнээс шууд хамаардаг.

Каны аксиом - Юу ч тус болохгүй бол одоо зааврыг нь унш.

Янгийн хууль - Бүх аугаа нээлт алдаанаас эхтэй.

Вивергийн хууль - Олуулаа такси барихад урд суусан хүн тооцоо хийдэг.

Шредрийн хууль - Тайлбаргүй байна гэдэг уян хатны шинж.

Берклийн хууль - Үр дүн нь тодорхой зүйлтэй бүү зууралд.

Эсрэгийн хууль - Зөвшөөрөл авахаас уучлал гуйх хялбар.

Нагийн хууль - Төлөвлөгөө нүсэр, түвэгтэй болох тусам нурах магадлал төдий чинээ ихэснэ.

Феттийн хууль - Амжилттай болсон туршилтыг дахин бүү давт.

Лемм Просманы хууль - Сая тулгарсан асуудлыг өчигдөр шийдвэрлэчих боломж байсан.


ЭХ СУРВАЛЖ: http://biznetwork.mn/network/topic/show/8111/page/1

2/23/2011

Нохой Дамба

Өвлийн туниа муутайхан нар аргадуулах гэсэн юм шиг зузаан саарал үүлэн цаанаас үнэрхүү нь аргагүй өндийж, бяцхан сууринд шинэ өдөр эхлэж байгааг зарлалаа. “Өнөөх нохой Дамба өнгөрсөн шөнө талийгаач болчихож гэнэ” гэсэн яриа хэдхэн мөчийн дотор айл айлд тарав. Гэвч энэ мэдээг сонссон хэн ч “Өө зайлуул” гэхээс бус харамсаж, халаглаж бас цочирдсонгүй. Нэг сууринд хорин хэдэн жил хамт амьдарсан хэрнээ ганц шад маани ч хэлэх хүн олдсонгүй. Хөгшид “Мөн ч их нүгэл үйлдсэн дээ” хэмээн толгой сэгсэрч байлаа. Удсан ч үгүй “Өнгөрдөгийн хүүхдүүд нь ирж гэнэ” гэсэн яриа суурингаар нэг тарж, том том гялалзсан хар машинууд цувж, бяцхан сууринд оршуулга биш, ямар нэг баяр ёслол болох гэж байгаа юм шиг л хөл хөдөлгөөн болоод эхлэв. Хэзээ ч олны анхаарал татаж байгаагүй “Нохой” Дамбын оршуулга харин бүгдийн анхаарал татаж эхэллээ.

Дамба хэмээх хөгшин энэ сууринд яг л ганцаарахнаа мэт амьдардаг байлаа. Урт том савхин бээлийг хоёр гараасаа өвөл ч, зун ч салгахгүй. Хаа очиж жигтэйхэн цэвэрхэн хувцасладаг энэ хүнийг найман бандиа дагуулан хориод жилийн өмнө манай нутагт нүүж ирснээс хойш золбин нохой амрахаа байсан юм гэнэлээ. Намар болонгуут Дамба аймаг явна. Аймгийн хоршоотой нохойн арьсны гэрээ хийдэг. Бараг л бүх төлөвлөгөөг нь ганцаараа биелүүлдэг, хэдэн сум хэсч өвөлжингөө нохой алдаг юм гэнэлээ” гэсэн яриа суурингаар нэг тарчихсан. Хүн болгон түүнээс айж дөлдөг, сэжиглэж цэрэвдэг байсан байх. Үнэндээ ч нохой Дамба хэд хувааж, яг л гар буу шиг болгочихсон калибарь буугаар сургуулийн хашаанд байсан алаг жингэрийг ганцхан буудаж унагаачихаад жижиг машины тэвшрүү шидэж байхыг хүүхдүүд харснаас хойш “Нохой” Дамбын хүүхдүүдтэй нийлэх хүн лав ганц ч гараагүй юм. Хаа очиж тэдний хүүхдүүд сурлага сайтай. Янз бүрийн уралдаан тэмцээнд түрүүлдэг ч олны өмнө ирж шагналаа авдаггүй, хичээл тарсан л бол гэртээ шигдэж байдаг хачин хүүхдүүд байж билээ. Ганц нэгээрээ явна гэж байхгүй. Хэрвээ ганц нэгээрээ явж байх юм бол хүүхдүүд “Нохой Дамбын гөлөг явж байна” хэмээн хашгирч, чулуу нүүлгээд баллах шахна. Аав нь нохой алдаг, тиймээс хүүхдүүдээс нь нохойныхоо өшийг авна гэсэн нэг тийм бодол хүүхэд бүрийн цээжинд нуугдаж байдаг байсан байх. Хөгшчүүл “Дамба өвөлжингөө л нохой аллаа. Их ч мөнгөтэй. Нохойны арьс үнэтэй учраас нүгэл үйлддэг байх” гэж ярьцгааж байхыг нэг бус удаа сонсож байсан юм. Харин хүүхдүүд нь бүгд том болж, хот суурин газар бараадаж, Дамба хөгшин гэрээс ч гарахаа байгаад удсан юм даг. Айлд орохгүй, ямар ч баяр наадам болсон олны хөлийн газар ойртдоггүй энэ хөгшин гэрээ тойрон нарлаж, хүүхдүүд нь хотруу авч явах гэж ирээд дийлдэггүй юм гэнэлээ гэсэн л сураг сонсогдож байснаас биш тийм чинээлэг нэр хүндтэй өндөр алба хашдаг хүүхдүүдтэй гэж манай суурингийнхан үнэндээ мэдсэнгүй.

“Талийгаачийн хүүхдүүд сургуулийн дотуур байрыг долоо хоног түрээсэлж гэнэ. Хүүхэд, нохой баярлуулах юм байх. Том хүү нь Америкаас иртэл нутаглуулахгүй юм гэнэ” гэсэн яриа хадаж, хүүхэд хөгшидгүй сургуулийн дотуур байрлуу алхцгаалаа. Манай суурингийнхан энэ ярианы үнэн худлыг үзэхээр цувцгаасан хэрэг. Дотуур байрны гал тогооруу ороод бүгд мэл гайхацгаав. Талийгаач өвгөний зургийг томоор зуруулаад баахан зул хүж өрчихсөн том өрөөнд ширээ дамнуулан амттан орж, хоол цай болж, орсон гарсан бүхний халаасыг чихэр боовоор дүүргэж байлаа. Хүүхдүүд наадам болж байгаа юм шиг сургуулийн хашаанд эргэлдэж, чихрэнд халтардаж, бяцхан суурингийнхан гэртээ хоол, унд хийлгүй, буяны зоог хүртэж зургаа хонолоо. Гэнэтхэн “Нөгөө өнгөрдөгийн том хүү Америкаас ирсэн гэнэ. Аавынхаа зурагний өмнө өвдөг сөхөрч суугаад босч ирэхгүй уйлаад байна” гэсэн мэдээ суурингаар хормын дотор тарлаа. Энэ мэдээг сонссон олон тэр дорхиноо л сургуулийн дотуур байрны гал тогооруу цувцгаав. Үнэхээр ч Дамба хөгшний зурагны өмнө 40 гаруй насны хижээл эр суучихсан, хэнгэнэтэл уйлж байлаа.

Нус нулимсандаа халтардаж, уй гашууд дарагдсан тэр эр “Миний аав хоёрхон хуруутай хүн байсныг та нар мэдэх үү? Эрхий долоовор хоёрхон хуруутай, буунаас өөр юм барьж сураагүй учраас золбин нохой алж, түүнийхээ хөлс мөнгөөр өнчин өрөөсөн, ядуу зүдүү найман хүүхэд цуглуулж, тэжээж, өсгөснийг та нар мэдэх үү? Найман хүүхдээрээ дутуу хуруугаа гүйцээх гэж, сэтгэлээ дэвтээж амьдарсан юм шүү дээ миний муу аав. Өдөржин нохой алж, шөнөжин маани уншиж хонодог байсан юм” хэмээн цурхиртал уйлж байв. Энэ үг бүх хүний сэтгэлийг урж байх шиг л санагдсан байх

Маргааш өглөө нь бяцхан суурингийнхан Дамба өвөөгийн оршуулганд бүгд хүндэтгэл үзүүлж, тэр шөнө айл бүрийн тооноор зулын бүдэгхэн гэрэл сүүмэлзэж байлаа.