2/24/2011

Дүүдээ бичсэн захиа

Сайн байна уу, тэнэг бяцxан дүү минь? Ах нь бичиж байна аа.

Миний өчигдрийн захиаг чи аваагүй л биз дээ. Ах нь явуулаагүй юм чинь яаж ч авах вэ дээ.

Ах нь сайн байгаа. Саяхан дэлгүүрээс баахан улавч аваад. Гадаа тас xийж байна шүү дээ дүү минь. Муу эцэг маань бидний багад, хүний хийсэн хөдөлмөрийг уландаа гишгүүзэй та нар гэж зөндөө л захидаг сан. Гэхдээ одоо гишгэхээс биш яах вэ, доороосоо даарах биенд муу. Уучлаарай улавч хийдэг хүмүүсээ.

Дүүдээ захиа бичxээр хуучны явдал санагдаж сэтгэл хөдөлдөг юмаа. Санаж байна уу, хоёулаа үсээ дээрээ хуйлж гельдчихээд, нэг нэгнийхээ мөрөн дээр гараа тавин алхдаг байсныг. Амандаа дуу аялан толгойгоо зэрэг хөдөлгөөд л... . Бохь зажлаад явбал бүр ч галзуу.

Ээж гэрээ цэвэрлэ гэж загнаад чамайг шанагаар толгой руу чинь цохиход чи үхтлээ айж зугтаадаг байж билээ. Тэгээд л хоюулаа ил байгаа юмнуудаа далд хийчxээд хогоо цуглуулж цонхоороо хаяад л дуусдаг сан. Гялгар ууттай усаар хүн онох уу.... үгүй мөн сайхан даа. Харин чи дандаа лонх шидчихье л дээ гэж гуйдаг байснаа санаж байна уу? Дүү минь чи багын л тэнэг байжээ. Тэр лонхы чинь л тушааж олсон мөнгөөрөө хоюулаа гуля дардаг байсан юм шүү дээ. Юу эсийг хийдэг байсан юм бэ дээ. Одоо ах нь ахиж төмөр хашаанд нүх гаргаж, чийдэн хагалаад, ханан дээр эрээчмээр санагддаг юмаа.

За энүүхэн явдал ч яаx вээ дүү минь. Чамд ах нь хэдэн сургааль хэльюү гэж урд шөнө бодлоо.

Манай энд аадар бороо хэдэн өдөр ороод оо. Хүн борооноос хорогдох гэж орцны саравч, автуусны буудал доор зогсож, эсвэл хаалгаар гүйн ордог билээ. Алтан-өлзийг сана л даа. Гэтэл хашааны хаалгаар арвантаа оровч бороо дээрээс орсоор байдгийг ах нь олж мэдлээ. Дүү минь, хашааны хаалга чамд борооны үед тус хүргэхгүй юм шүү.


Чи бас санаж байна уу. Эцгийн лагер луу алхах замд зөндөө нохой бид хоёр луу дайрдаг байсныг. Тас тэврэлдээд л нүдээ анин чичрэн зогсдог сон. Гэтэл ямар ч ууртай нохой тоос сорогч дугараад эхэлмэгц ухаанаа гартал айдаг болхыг ах нь энд харлаа. Ахын дүү лагер явах хол замд тоос сорогч бариад алхаарай. Ойртоод ирэнгүүт нь конооп дараад л асаачих. Ай даа, ахынхаа мэргэн зөвлөгөөгүйгээр дүү минь чи яана даа ер нь.

Бас урьд нь хоёулаа хулганад хавх тавиад хэчнээн хүлээсэн ч нэгийг ч барьж чаддаггүй сэн. Харин энд ах нь хавханд орсон хулгана зөндөө харлаа. Манай дарга тэгээд, "манай энд маш их хулгана бий" гэж ууртай хэлсэн. Тэнэг дүү минь чамд энэ үг юм бодогдуулж байна уу? Манай байранд хулгана байсан билүү дээ, ай? Үүнээс хойш хулганатай газар л хавх тавьж байгаарай миний дүү. Хүүе нээрээ, хавх тас буухдаа хөөрхий хулганын уруулыг л хавччихдаг гэж хоёулаа ярилцдаг байж билээ. Гэтэл ах нь энд хулганы уруул биш, хүзүү нь хавчуулагддийг сайн харж авсан. Хүсвэл ах нь чамд хавханд орсон хулгана нэгийг илгээмжээр явуулья.


Нээрээ дарга гэснээс манай дарга надад уржигдар, өнөө шөнө цагаа урагшлуулаарай, ажлаасаа хоцруузай гэж хэлсэн юм. Ах нь хүний үгнээс гарах биш дээ ямар, цагаа урагшлуулсаан. Гэтэл дарга намайг өчигдөр, яагаад ажлаас хоцров, цагаа урагшлуулаач! гэж загнасан. Тэгэхээр нь ах нь өчигдөр шөнө ахиад урагшлууллаа. Өчигдрийнхөө захианд ч бичсэн л дээ. Харин өнөөдөр өглөө дарга намайг бас л загнав. Өнөө шөнө ах нь цагаа бүр нэг сайн урагш нь тавья гэж бодож байгаа. Гэхдээ маргааш загнавал яахаа мэдэхгүй л байна. Хананд тулчихаад байгаа гэдгээ хэлээд үзнэ дээ.


Ах нь энд англи хэлний курсээ бараг төгсөх дөхөж байгаа. Сургуулиа бол нүдээ аниад ч олж чаддаг болсон. Харин дотор нь орж суух аймшигтай залхуутай. Багш нь над руу хараад л баахан юм шулганадаг. Ах нь "аая доонт испийк ийнглийш" гэхэд л толгой сэгсрээд яваад өгдөг юм. Энэ үгийг сонссон ямар ч ууртай хүн надаас холддог юм даа, ямар байна даа ах нь? Миний дүү энэ дөрвөн үгийг сайн цээжилж аваарай, "ай доонт испийк ийнглийш" шүү... гэж чамд би хэд дэхээ ч бичиж байна даа, мэдэхгүй, орой руу чинь л хэдэн юм оруулчих гээд үзээд байна даа муу ах чинь.


Энд нээрээ хүмүүс нь худлаа ярьдаггүй юм байна. Санаж байна уу, хажуу айлын Юндэн бидний мөнгийг дандаа л хуураад авчихдаг байсныг. Бас сүүний эгч Юмжирийн жинхэнэ сүүгий нь аваад чанахаар зутан болчихдог байж билээ. Жинхэнэ монгол төмс, буцаагаад өгнө, амлалтаа хэрэгжүүлнэ, би буруугүй, би шударга хүн, би эх орондоо хайртай .. зэрэг үгс бидний үйлийг мөн ч их үзсэн дээ. Ямар сайндаа монгол хэлний дамжаанд сууж хий дэмий мөнгө үрж байх вэ дээ. Гэхдээ тэгээгүй бол би энэ захиаг хэзээ ч ийм сайхан бичиж чадахгүй байх сан. Энэ бол аливаа юмны ашиг хэзээ хойно ч гарч болохыг харуулж байна аа. Харин чиний ашиг тусыг би одоо хэр нь хараагүй л байгаа шүү! Үүнийг анхаар!


Хайрт дүү минь, хорвоо ертөнцийн учир жанцангууд ер нь амар олддог юм биш шүү дээ. Хэрэв тэгдэг бол ухаантнууд яаж төрөх сэн билээ. Тэгээд хайрт дүү чинийхээ бяцxан тархийг сэнхрүүлэх сэн гэж муу ах нь их л бодох юм даа. Ядаж чи ах шигээ ингэж сайхан дүрэм журмаар нь бичихээ байг гэхэд уншиж чаддаг сан бол хэчнээн сайхан байх вэ. Тийм болохоор ах нь энэ захиагаа өөрөө очиж байгаад уншиж өгөхөөр хадгалая даа. Авдар дүүрэн захиатай очих нь дээ ах нь.

Алс холын Америкаас хайрт ах нь мэндчилэв.

Эх сурвалж : http://ankhaamn.blogspot.com

А.Эйнштэйнээс сурах гайхамшигт 10 хичээл

Чиехоллын хууль - Хэрэв ажил үйлс амжилттай явж байвал ойрын хугацаанд ямар нэг зүйл тохиолдоно.

Вейлэрийн хууль - Өөрөө гүйцэтгэдэггүй хүнд хийж чаддаггүй ажил гэж үгүй.

Мескмиений хууль - Ямар нэг зүйлийг гүйцэтгэхэд цаг хугацаа хүрэлцэхгүй ч засаж янзлахад хангалттай цаг олддог.

Куйнгерийн хууль - Ямарваа ажлыг гүйцэтгэх чадамж гүйцэтгэгчийн тоотой урвуу хамааралтай.

Харрисоны үүсгэл үнэн - Ямарч үйл ажиллагаанд таарсан шүүмж байдаг.

Эванс ба Бьерний хууль - Ямар нэг золгүй зүйл тохиолдоход түүнийг урьдчилан мэдсэн их мэдэгч заавал байдаг.

Уйлтерийн хууль - Хэний зөв гэдгийг хэн ч мэддэггүй, хэний буруу гэдгийг бүгд мэднэ.

Беллингсийн хууль - Ихэнх бэрхшээлийн үндэс нь бид үгүй гэхээсээ илүү за гэж хэлсэнтэй холбоотой.

Джесоны хууль - Шинэ санаа бүгдэд ойлгомжтой болоод ирэхэд түүнийг өөрчлөх цаг нь аль хэдийн болсон байдаг.

Ярукийн хууль - Хэрэв шинэ төхөөрөмж хямд бол хаа нэгтээ нь хуучин юм цохиж яваа гэсэн үг.

Джонсоны хууль - Хэрэггүй гээд хаясан сэтгүүлд таньд яг одоо хэрэгтэй мэдээлэл байсан байдаг.

Уйтений хууль - Хумсаа авч дуусмагц хумсны хэрэг зайлшгүй гарна.

Хайлтын хууль - Хайх зүйлээ боломжгүй гэсэн газраасаа эхэлж хай.

Мерианий хууль - Хайгаагүй зүйл олдохдоо амар.

Руны дүрэм - Хаана байгаа тань сонин биш бол та төөрөөгүй байна гэсэн үг..

Брайны хувилбар - Таныг өөр дараалалд шилжмэгц зогсож байсан хуучин дараалал тань хурдан урагшилж эхэлдэг.

Паркинсоны хууль - Зарлага нь орлогын хэмжээнд хүртлээ өсдөг.

Поттерийн хууль - Барааг сурталчлах хэмжээ түүний үнэ өртөгтэй урвуу хамааралтай.

Фикмений үндсэн хууль - 60 хоногийн баталгаатай байна гэдэг нь 61 дэхь хоног дээрээ таг болно гэсэн үг.

Льюсийн хууль - Бараа ганц ширхэг үлдэх үед бүгд худалдан авахыг хүснэ.

Дрюгийн хууль - Бусдаас бага төлж байгаа нь үргэлж гомдолтой байдаг.

Мидерийн хууль - Хамгийн сүүлд инээсэн хүн онигоог хөгжилтэй болгож өгдөг.

Гурдын үнэн - Хурал гэдэг минутыг хэмнэж, цагийг үрдэг.

Майлын хууль - Ямарваа зүйлд хандах хандлага албан тушаалаар илэрдэг.

Робертийн үнэн - Амьдрал гэдэг тэр аяараа алдаа..

Уотерийн зарчим - Төр засаг авилгалын тухай дандаа өнгөрсөн цаг дээр ярьдаг.

Хлейдийн хууль - Хүндэвтэр даалгаварыг залхуу ажилтандаа өг, тэр амархан хийх аргыг хурдан олно.

Мейрийн хууль - Юмыг төвөгтэй болгох амархан. Харин хялбар болгох хэцүү.

Томын хууль - Хуримын үргэлжлэх хугацаа түүний зардалтай урвуу хамааралтай.

Коловардын хууль - Бүх зүйлийн магадлал тэнцүү тавь тавин хувь, эсвэл болж бүтнэ, эсвэл болж бүтэхгүй.

Чейтсийн хууль - Найз нөхрөө ядарч явах үед та тусалсан бол тэр дахин ийм байдалд орохдоо л таныг дурсана.

Скоффын хууль - Бохир шалыг хүүхэд хэзээ ч бохирдуулахгүй.

Дженийн хууль - Цөцгий түрхсэн талх аль талаараа унах нь хивсний үнээс шууд хамаардаг.

Каны аксиом - Юу ч тус болохгүй бол одоо зааврыг нь унш.

Янгийн хууль - Бүх аугаа нээлт алдаанаас эхтэй.

Вивергийн хууль - Олуулаа такси барихад урд суусан хүн тооцоо хийдэг.

Шредрийн хууль - Тайлбаргүй байна гэдэг уян хатны шинж.

Берклийн хууль - Үр дүн нь тодорхой зүйлтэй бүү зууралд.

Эсрэгийн хууль - Зөвшөөрөл авахаас уучлал гуйх хялбар.

Нагийн хууль - Төлөвлөгөө нүсэр, түвэгтэй болох тусам нурах магадлал төдий чинээ ихэснэ.

Феттийн хууль - Амжилттай болсон туршилтыг дахин бүү давт.

Лемм Просманы хууль - Сая тулгарсан асуудлыг өчигдөр шийдвэрлэчих боломж байсан.


ЭХ СУРВАЛЖ: http://biznetwork.mn/network/topic/show/8111/page/1

2/23/2011

Нохой Дамба

Өвлийн туниа муутайхан нар аргадуулах гэсэн юм шиг зузаан саарал үүлэн цаанаас үнэрхүү нь аргагүй өндийж, бяцхан сууринд шинэ өдөр эхлэж байгааг зарлалаа. “Өнөөх нохой Дамба өнгөрсөн шөнө талийгаач болчихож гэнэ” гэсэн яриа хэдхэн мөчийн дотор айл айлд тарав. Гэвч энэ мэдээг сонссон хэн ч “Өө зайлуул” гэхээс бус харамсаж, халаглаж бас цочирдсонгүй. Нэг сууринд хорин хэдэн жил хамт амьдарсан хэрнээ ганц шад маани ч хэлэх хүн олдсонгүй. Хөгшид “Мөн ч их нүгэл үйлдсэн дээ” хэмээн толгой сэгсэрч байлаа. Удсан ч үгүй “Өнгөрдөгийн хүүхдүүд нь ирж гэнэ” гэсэн яриа суурингаар нэг тарж, том том гялалзсан хар машинууд цувж, бяцхан сууринд оршуулга биш, ямар нэг баяр ёслол болох гэж байгаа юм шиг л хөл хөдөлгөөн болоод эхлэв. Хэзээ ч олны анхаарал татаж байгаагүй “Нохой” Дамбын оршуулга харин бүгдийн анхаарал татаж эхэллээ.

Дамба хэмээх хөгшин энэ сууринд яг л ганцаарахнаа мэт амьдардаг байлаа. Урт том савхин бээлийг хоёр гараасаа өвөл ч, зун ч салгахгүй. Хаа очиж жигтэйхэн цэвэрхэн хувцасладаг энэ хүнийг найман бандиа дагуулан хориод жилийн өмнө манай нутагт нүүж ирснээс хойш золбин нохой амрахаа байсан юм гэнэлээ. Намар болонгуут Дамба аймаг явна. Аймгийн хоршоотой нохойн арьсны гэрээ хийдэг. Бараг л бүх төлөвлөгөөг нь ганцаараа биелүүлдэг, хэдэн сум хэсч өвөлжингөө нохой алдаг юм гэнэлээ” гэсэн яриа суурингаар нэг тарчихсан. Хүн болгон түүнээс айж дөлдөг, сэжиглэж цэрэвдэг байсан байх. Үнэндээ ч нохой Дамба хэд хувааж, яг л гар буу шиг болгочихсон калибарь буугаар сургуулийн хашаанд байсан алаг жингэрийг ганцхан буудаж унагаачихаад жижиг машины тэвшрүү шидэж байхыг хүүхдүүд харснаас хойш “Нохой” Дамбын хүүхдүүдтэй нийлэх хүн лав ганц ч гараагүй юм. Хаа очиж тэдний хүүхдүүд сурлага сайтай. Янз бүрийн уралдаан тэмцээнд түрүүлдэг ч олны өмнө ирж шагналаа авдаггүй, хичээл тарсан л бол гэртээ шигдэж байдаг хачин хүүхдүүд байж билээ. Ганц нэгээрээ явна гэж байхгүй. Хэрвээ ганц нэгээрээ явж байх юм бол хүүхдүүд “Нохой Дамбын гөлөг явж байна” хэмээн хашгирч, чулуу нүүлгээд баллах шахна. Аав нь нохой алдаг, тиймээс хүүхдүүдээс нь нохойныхоо өшийг авна гэсэн нэг тийм бодол хүүхэд бүрийн цээжинд нуугдаж байдаг байсан байх. Хөгшчүүл “Дамба өвөлжингөө л нохой аллаа. Их ч мөнгөтэй. Нохойны арьс үнэтэй учраас нүгэл үйлддэг байх” гэж ярьцгааж байхыг нэг бус удаа сонсож байсан юм. Харин хүүхдүүд нь бүгд том болж, хот суурин газар бараадаж, Дамба хөгшин гэрээс ч гарахаа байгаад удсан юм даг. Айлд орохгүй, ямар ч баяр наадам болсон олны хөлийн газар ойртдоггүй энэ хөгшин гэрээ тойрон нарлаж, хүүхдүүд нь хотруу авч явах гэж ирээд дийлдэггүй юм гэнэлээ гэсэн л сураг сонсогдож байснаас биш тийм чинээлэг нэр хүндтэй өндөр алба хашдаг хүүхдүүдтэй гэж манай суурингийнхан үнэндээ мэдсэнгүй.

“Талийгаачийн хүүхдүүд сургуулийн дотуур байрыг долоо хоног түрээсэлж гэнэ. Хүүхэд, нохой баярлуулах юм байх. Том хүү нь Америкаас иртэл нутаглуулахгүй юм гэнэ” гэсэн яриа хадаж, хүүхэд хөгшидгүй сургуулийн дотуур байрлуу алхцгаалаа. Манай суурингийнхан энэ ярианы үнэн худлыг үзэхээр цувцгаасан хэрэг. Дотуур байрны гал тогооруу ороод бүгд мэл гайхацгаав. Талийгаач өвгөний зургийг томоор зуруулаад баахан зул хүж өрчихсөн том өрөөнд ширээ дамнуулан амттан орж, хоол цай болж, орсон гарсан бүхний халаасыг чихэр боовоор дүүргэж байлаа. Хүүхдүүд наадам болж байгаа юм шиг сургуулийн хашаанд эргэлдэж, чихрэнд халтардаж, бяцхан суурингийнхан гэртээ хоол, унд хийлгүй, буяны зоог хүртэж зургаа хонолоо. Гэнэтхэн “Нөгөө өнгөрдөгийн том хүү Америкаас ирсэн гэнэ. Аавынхаа зурагний өмнө өвдөг сөхөрч суугаад босч ирэхгүй уйлаад байна” гэсэн мэдээ суурингаар хормын дотор тарлаа. Энэ мэдээг сонссон олон тэр дорхиноо л сургуулийн дотуур байрны гал тогооруу цувцгаав. Үнэхээр ч Дамба хөгшний зурагны өмнө 40 гаруй насны хижээл эр суучихсан, хэнгэнэтэл уйлж байлаа.

Нус нулимсандаа халтардаж, уй гашууд дарагдсан тэр эр “Миний аав хоёрхон хуруутай хүн байсныг та нар мэдэх үү? Эрхий долоовор хоёрхон хуруутай, буунаас өөр юм барьж сураагүй учраас золбин нохой алж, түүнийхээ хөлс мөнгөөр өнчин өрөөсөн, ядуу зүдүү найман хүүхэд цуглуулж, тэжээж, өсгөснийг та нар мэдэх үү? Найман хүүхдээрээ дутуу хуруугаа гүйцээх гэж, сэтгэлээ дэвтээж амьдарсан юм шүү дээ миний муу аав. Өдөржин нохой алж, шөнөжин маани уншиж хонодог байсан юм” хэмээн цурхиртал уйлж байв. Энэ үг бүх хүний сэтгэлийг урж байх шиг л санагдсан байх

Маргааш өглөө нь бяцхан суурингийнхан Дамба өвөөгийн оршуулганд бүгд хүндэтгэл үзүүлж, тэр шөнө айл бүрийн тооноор зулын бүдэгхэн гэрэл сүүмэлзэж байлаа.